Pages

Sunday, June 21, 2015

Хүний нөөцийн менежер юу хийдэг вэ?

Хүний нөөцийн менежер ажлын байран дээр юу хийдэг болох талаар жижиг дунд бизнес эрхлэгч та хэдийн сонирхож эхэлсэн биз ээ. Хүний нөөцийн менежер “ХҮН” хэмээх удирдахад хамгийн хэцүү нөөцийг удирдах, байгууллагын хамгийн чухал капиталд менежмент хийх чухал ажил юм. Хүн насан туршдаа хүн хоорондын харилцаанд суралцдаг гэдэг. Хүн хэмээх тайлагдашгүй оньсого, шавхагдашгүй жинхэнэ баялгийг ухаалгаар удирдаж чадах аваас байгууллага зорьсон үр дүндээ төвөггүй хүрэх боломжийг олж авах биз ээ. “Хүний нөөцийн менежер” гэсэн ажлын байрны үүрэг, гүйцэтгэх ажил үүргийн ерөнхий чиглэл мөн хүний нөөцийн менежер хүнээс ямар шинж чанарыг шаарддаг талаар “МЭРГЭЖЛЭЭ СОНГОХ НЬ. Д.Готов  2013 он” номноос мэдээлэл хүргэхийг зорьлоо.
Байгууллагын хүний нөөцийн бодлогыг /ажилтан шалгаруулж авах, сургаж хөгжүүлэх, ажлын гүйцэтгэлийг үнэлэх, урамшуулах гэх мэт/ боловсруулж хэрэгжүүлэх, хүний нөөцийн асуудлаар мэргэжлийн зөвлөгөө өгөх үүрэгтэй ажиллана.

МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АГУУЛГА
-       Удирдлагатай хамтран байгууллагын хүний нөөцийн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих /Энэ талаар хүнийн нөөцийн бодлогоо тодорхойлоё өгүүллэг дээрээ товчхон дурдсан/
-       Ажилтан нэг бүрийн ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарийг шинжлэх, боловсронгуй болгох
-       Ажлын байрны шаардлага ханган, өндөр бүтээмж, үр дүнтэй ажиллаж,  байгууллагын зорилгод хүрэхэд хувь нэмэр оруулж чадахуйц мэдлэг чадвартай хүмүүсийг ажилтнаар шалгаруулж авах
-       Ажлын сул орон тоог зарлах, ажилд орохыг хүсэгчдийг судлах, ярилцлага, шалгалт авах, шалгаруулах, цалин урамшуулал тогтооход оролцох
-       Ажилтнуудад ажил үүргээ гүйцэтгэхэд нь дутагдаж байгаа мэдлэг, чадварыг тодорхойлох, сургах хөтөлбөр боловсруулж, сургалт зохион байгуулах
-       Нэгжийн удирдагч нартай хамтран ажилтныг ажилд авах, ажлын байран дээр нь сургаж хөгжүүлэх, ажлын гүйцэтгэл, мэдлэг чадварын түвшинг үнэлэх, тушаал дэвшүүлэх, ажлаас халах шийдвэр гаргах
-       Хөдөлмөрийн харилцааны маргаантай асуудлыг шийдвэрлэх, ажлын байрны эрүүл ахуй, аюулгүй байдалд хяналт тавих
-       Ажилтнуудын хувийн хэрэг, хөдөлмөрийн гэрээ, бусад бүртгэлийг хөтлөх
-       Хүний нөөцийн албаны ажилтнуудыг удирдан зохион байгуулах
Мэргэжилд  чухал шаардлагатай чадавхи, шинж чанар
-       Хүний нөөцийн менежментийн сонирхол, чадавхи
-       Аналитик, логик сэтгэлгээ
-       Төлөвлөх, зохион байгуулах чадавхи
-       Нэгэн зэрэг хэд хэдэн зүйлд анхаарах чадавхи, хөгжингүй ой санамж
-       Хэл яриа, бичгийн харилцааны чадавхи
-       Хүлээцтэй шударга зан, өөрийгөө хянаж жолоодох чадвар
-       Өргөн мэдлэг, байнга төгөлдөржих тэмүүлэл гэсэн байна.
Хүн ямар нэг тоног төхөөрөмж, эд материал зүйлстэй харьцан ажиллах нь хүнтэй ажиллахаас нэг талаар хялбар байж ч болох юм. Сэтгэлзүй, менежмент, маркетингийн арга хэрэгслийг байгууллага өөрийн нөөцдөө тохируулан хэрэглэж чадваас удирдах боломжгүй нөөц байхгүй биз ээ.

0 comments:

Post a Comment